Хураангуй

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/52 тоот тушаалаар “Авьяас” хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж эхлээд байна.

Хүүхэд өсвөр үеийнхэнд нийгэм,  гэр бүлийн орчноос үзүүлдэг зарим нөлөөллийн улмаас өсвөр үеийнхний хөгжилд бий болж байгаа сөрөг хандлагыг бууруулах, хүүхдийн оюун санаа, бие бялдар, сэтгэц нийгэмшихүйг эрчимтэй, тасралтгүй, хүнлэг чиг хандлагаар хөгжилд хөтлөх шаардлагатай байна. Иймд хүүхдийн жам ёсны хөгжлийг хангаж  дэмжих үндсэн нөхцөл, найдвартай арга зам бол хүүхэд бүрийг авъяаст нь тулгуурлаж хөгжүүлэх явдал хэмээн үзэж энэхүү хөтөлбөрийг боловсрууллаа.

Хүүхдийн авьяасыг нээх, хөгжүүлэх замаар сурах арга барил эзэмшүүлэх нийтлэг арга зүйг эцэг, эх, гэр бүл, багш, сурган хүмүүжүүлэгчдэд эзэмшүүлэх, төр иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагуудын хүүхдийн хүмүүжил төлөвшилд чиглэсэн хамтын ажиллагааны загвар бий болгоход тус хөтөлбөрийн зорилго оршино. 

Үндсэн илтгэл

“Авьяас”, “Ном” хөтөлбөр

Нэг. “Авьяас” хөтөлбөр

Дэлхий ертөнц даяарчлагдан, нийгмийн харилцаанд мэдээллийн технологи, техникийн дэвшил нэвтрэх тусам хүний байгалиас заяагдмал төрөлх шинж саармагжиж, амьдралын үнэт зүйлийн тухай ойлголт өөрчлөгдөн, уламжлалт ёс суртахууны үнэ цэн буурч байна. Нийгмийн харилцаа, хүний сэтгэл зүйд гарч байгаа өөрчлөлтүүд нь бухимдал, ганцаардал, айдас, гэмт хэрэг, ёс суртахуунгүй явдлыг нийгэмд газар авах нөхцөл болдог бөгөөд үүний гол хохирогч нь хүүхэд юм.

Манай улсад сүүлийн арван жилийн байдлаар жилд дунджаар 977 хүүхэд, 616 удаагийн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд 2011 онд шүүхээр шийтгүүлсэн 18 хүртэлх настай 1163 иргэний 124 нь 14-15 насны хүүхэд байна. Мөн нийслэлийн их, дээд ерөнхий боловсролын сургуулийн 2000 хүүхэд, залуучуудын дунд 2010-2011 онд хийсэн судалгаагаар  тэдний 2.9 хувь нь бензин цавуу, 1.8 хувь нь каннабис, 0.9 хувь нь экстази хэрэглэж үзсэн гэсэн дүн гарчээ.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагч, өсвөр үеийнхний дунд PC тоглоомд донтох, үе тэнгийхнээ дарамтлах, гэр бүл, насанд хүрэгчид, багш сурган хүмүүжүүлэгчидтэй харилцааны зөрчилд орох, сурах дургүйн улмаас сургуулиас завсардах явдал буурахгүй байна.

Иймээс хүүхэд бүхэнд өөртөө болон ирээдүйдээ итгэх итгэлийг төлөвшүүлэх, амьдралын сайн сайханд тэмүүлэх сэдэл төрүүлэх, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэн өөрийгөө хөгжүүлэх боломжийг тэгш олгох нь өнөөгийн нийгмийн тулгамдсан асуудал болоод байна.

 

Иймд хүүхэд бүрийг авьяас чадварт нь тулгуурлан хөгжүүлэх үйл ажиллагааг олон нийтийн оролцоо, шинжлэх ухааны үндэстэйгээр зохион байгуулах, үндэсний хэмжээнд олон салбарын дэмжлэгтэйгээр хүүхдийн хөгжлийн бодлогыг тодорхойлон хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм.

 

Тэгвэл хүүхдийг эрчимтэй, тасралтгүй, хүнлэг хандлагаар хөгжүүлэх үндсэн нөхцөл, найдвартай арга бол хүүхэд бүрд заяагдмал байгаа авъяаст нь тулгуурлаж хөгжүүлэх явдал бөгөөд авъяас гэдэг бол аливаа утга, утга санаанд эмзэг мэдрэмтгий хандаж, мөн чанарыг нь гүнзгий тусган хүлээж авах, түүнийг оюун сэтгэцийнхээ ертөнцөөс бодит байдалд шилжүүлж, бүтээлчээр хувирган хөгжүүлэх бодгалийн төрөлх чанар юм.

Цаашилбал авьяас гэдэг нь сэтгэц зүйн хүрээнд өөр цаг, оронд нэгэн зэрэг байлцах чадвар билээ. Энэ чадвар бол зэрэгцээ ахуйн үндсэн шинж бөгөөд бодит амьдрал дээр олон чиглэлээр бусадтай харилцах чадамжаа алдсан хүмүүс ганцаардаж, нийгмээс тасран холддог. Иймд авьяас нь бусдын дунд байж өөрийгөө нээн харуулах, байр сууриа илэрхийлэх боломж бөгөөд хүүхдийн нийгэмшихүйд чухал түлхэц болж чадна. Энэ утгаараа авьяас бол эрх чөлөө юм.

Хүүхдийн авьяасыг нээж, хөгжүүлэх суралцахуй, багшлахуйн үйл нь ийнхүү эрх чөлөө, хайрлан энэрэх сэтгэлийг нэмэгдүүлэн түгээх агуулгатай бөгөөд тухайн хүнээс нийгэмд бие даан орших, бусадтай хамтран амьдрах, мэдлэг, чадвараа жинхэнэ утгаар нь нээн харуулахад дэмжлэг үзүүлэх зорилтот үйлдэл хэмээн үзэж байна. 

Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлд төрөөс суралцагчийн онцгой авьяас, чадварыг нээн илрүүлж хөгжүүлэх, урамшуулан дэмжих  талаар заасан байдаг.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2003 оны “Улсын төрөлжсөн олимпиад зохион байгуулах нийтлэг журам”-ын дагуу ерөнхий боловсролын сургуулийн сурагч, багш нарын олимпиадыг 13 төрлийн хичээлээр, сургууль, орон нутаг, улсын хэмжээнд зохион байгуулж байна. Тус журмын дагуу улсын олимпиадын 3-ын даваанд эхний гурван байр эзэлсэн суралцагчдад дотоодын их, дээд сургуульд элсэн суралцах эрх олгон сургалтын төлбөрийг төрөөс дааж,  олон улсын олимпиадад оролцох багийн зардлыг мөн санхүүжүүлж байна.

Өнөөгийн байдлаар ерөнхий боловсролын сургуульд хүүхдийн авьяас чадварыг хөгжүүлэх үйл ажиллагаа сургууль зохицуулах агуулга болон хичээлээс гадуурх ажлын хэлбэрээр явагдаж байна.  “Дугуйлан, секцийн сургалтыг амжилттай зохион байгуулж байгаа ерөнхий боловсролын сургуулиудыг шалгаруулах болзол”-ын дагуу  жил бүр 30 орчим сургуулийг шалгаруулан, амжилтыг сурталчлах ажлыг зохион байгуулж ирлээ.

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны “Эрдэм боловсролтой Монгол хүн” гуравдугаар бүлэгт “Ерөнхий боловсролын сургалтад хүүхэд бүрийг хөгжүүлэх бодлого баримтлан, үндэсний шинэ стандарт нэвтрүүлэх”, “Монгол ахуй, уламжлал, ёс заншил, түүх, соёлын онцлог шингэсэн “Зөв монгол хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлэх” арга хэмжээнүүдийг тусгасан байна.

Энэхүү хөтөлбөр нь дараах зорилтот бүлгүүдийг хамруулах юм.

·         Ерөнхий боловсролын сургуулийн сурагч

·         Багш, сурган хүмүүжүүлэгч

·         Эцэг эхчүүд

Хүүхдийн авьяасыг нээх, хөгжүүлэх, сурах арга барил эзэмшүүлэх нийтлэг арга зүйг боловсруулан, эцэг, эх, багш, сурган хүмүүжүүлэгчдэд эзэмшүүлэх, төр иргэний нийгмийн болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын хүүхэд хөгжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааны загвар бий болгоход тус хөтөлбөрийн зорилго оршино. 

Түүнчлэн үндсэн зорилгоо хэрэгжүүлэх хүрээнд дараах зорилтуудыг хэрэглүүлэх юм.

·       Авъяасыг нээж илрүүлэх, хөгжүүлэх, сурах арга барил эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны  үе шат бүрээр судалгаа хийж, мэдээллийн сан бүрдүүлэх замаар нийтлэг болон тусгай аргачлал боловсруулах, түгээх;

·       Хүүхдийн авъяасыг дэмжиж хөгжүүлэх үйл ажиллагааг эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч, авьяастан сурагч болон иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын оролцоотойгоор зохион байгуулж, хамтын ажиллагааны шинэлэг хэлбэрийг  бий болгох;

·       Ерөнхий боловсролын сургуулийн дугуйлан секц хичээллүүлэх нөхцлийг сайжруулж, үр дүнд суурилсан эдийн засгийн хөшүүрэг бий болгох, шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

“Авьяас” хөтөлбөрийг бид  2012-2013 онд дараах 3 үе шаттайгаар хэрэгжүүлнэ. 

1.      Үндэсний хэмжээнд бүх хүүхдийн авъяасыг нээж илрүүлэх зорилготой судалгаа хийгдэх үе: 2012 оны 10 дугаар сараас 2012 оны 11 дүгээр сар

2.      Хүүхдийн авъяасыг хөгжүүлэх дугуйлан, секц, зайны болон танхим, шавь хэлбэрийн сургалт, клубын үйл ажиллагааг зохион байгуулах үе: 2012 оны 11 дүгээр сараас 2013 оны 3 дугаар сар

3.      Хүүхдүүд эзэмшсэн ур чадвартаа тулгуурлан бүтээл туурвих үе: 2013 оны 3 дугаар сараас 4 дугаар сар

4.      Хүүхдүүдийн туурвисан бүтээлээр үндэсний фестиваль зохион байгуулах үе: 2013 оны 5 дугаар сар

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас уг хөтөлбөрийн хүрээнд дараахь үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

·         Хүүхдийн авьяасыг нээх, хөгжүүлэх, амжилтад хүргэх арга зүйг боловсруулах зорилгоор судалгаа хийх;

·         Багш сурган хүмүүжүүлэгч, олны танил алдартай хүмүүс, авьяаслаг иргэдээр удирдуулсан дугуйлан, секц, клубыг нийслэл орон нутгийн ерөнхий боловсролын бүх сургуулийг түшиглэн хичээллүүлэх;

·         Сургалтын агуулга, арга зүйг түгээн дэлгэрүүлэх, туршлага солилцох сайт нээж ажиллуулах;

·         Хүүхдүүдийн туурвисан бүтээлээр үндэсний фестиваль зохион байгуулах.

·         Ерөнхий боловсролын сургуулиудад урлаг, спорт болон бусад төрлийн дугуйлан, секц хичээллүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжийг үе шаттайгаар нийлүүлэх;

·         Ерөнхий боловсролын суралцагч, хүүхдийн авьяасыг нээх, хөгжүүлэх, уран бүтээл туурвихад дэмжлэг үзүүлэх зорилгоор секц, дугуйлан хичээллүүлсэн багш, иргэнд сургуультай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд заасан шалгуур үзүүлэлтүүд, сургалтын хөтөлбөр хэрэгжилтийн бодит үр дүнг үндэслэн улирал тутам урамшуулал олгох.

 

Хоёр. “Ном” хөтөлбөр

Мэдээллийн технологийн эрин үед үндэсний уламжлалт ёс заншил, насанд хүрэгчид болон өсвөр үеийнхний харилцаа, хувь хүнээс нийгэм, байгууллага, гэр бүлийн өмнө хүлээх үүрэг хариуцлага зэрэг хүний амьдралын үнэт зүйлс нийгмийн зүгээс тавигдаж буй хэрэгцээ шаардлагаас хамааран өөрчлөгдөж байна.

Нийтийн соёлын гол бүрэлдэхүүн хэсгүүд болох кино, интернэт, хөгжмийн урсгал, хэвшмэл хэллэг, хувцасны загвар нь өсвөр үеийнхний хүсэл, сонирхол, сурах арга барил, амьдралыг үзэх үзэлд хүчтэй нөлөөлөх боллоо.

Үүний улмаас өсвөр үеийнхний дунд үнэт зүйлийн төөрөгдөл, соёлын баримжаа алдах үзэгдэл бий болж, тэдгээр нь нийгмийн үзэгдлүүдийг ухамсаргүйгээр даган дуурайх, идэвхгүй хандах, түүнчлэн эсэргүүцэх байдлаар илэрч байна.

Иймд насанд хүрэгчид болон өсвөр үеийнхний хэрэгцээ, сонирхлыг тэгш хангаж,  үндэсний зан заншил, иргэний нийгмийн соёлыг хамтад нь эзэмших чухал хэрэглүүр болох ном унших соёлыг дэлгэрүүлэх,  хүүхэд, залуучуудад номтой нөхөрлөх сэдэл тэмүүлэл, бүтээлч хандлагыг бий болгох шаардлагатай байна.

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны “Эрдэм боловсролтой Монгол хүн” гуравдугаар бүлэгт “Ерөнхий боловсролын сургалтад хүүхэд бүрийг хөгжүүлэх бодлого баримтлан, үндэсний шинэ стандарт нэвтрүүлэх”, “Монгол ахуй, уламжлал, ёс заншил, түүх, соёлын онцлог шингэсэн “Зөв монгол хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлэх” арга хэмжээнүүдийг тусгасан юм.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Номын баярын өдөр тэмдэглэх тухай” зарлигийн дагуу 2012 оноос эхлэн жил бүрийн 9 дүгээр сард номын баярын өдрийг тэмдэглэж,  цэцэрлэг, ерөнхий боловсролын болон их, дээд сургуулийн оюутан, сурагч, иргэдийн дунд ном бэлэглэж хандивлах, солилцох, ном унших сарын аяныг орон даяар зохион байгуулдаг уламжлал тогтоод байна.

Иймд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Номын баярын өдөр тэмдэглэх тухай” зарлигийн хэрэгжилтийг хангах, өсвөр үеийнхэн, залуучуудын дунд ном унших хөдөлгөөн өрнүүлэх, номыг бүтээлчээр унших арга зүйг түгээх үйлсийг тогтвортой болгох үүднээс энэхүү “Ном” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна.

Тус хөтөлбөрийн үндсэн зорилго нь сургуулийн өмнөх болон сургуулийн насны хүүхэд, их, дээд сургуулийн оюутнуудад ном унших сэдэл тэмүүлэл төрүүлэх, бүтээлчээр унших арга зүйг эзэмшүүлэх, энэ үйлсэд олон нийтийг татан оролцуулахад оршиж байгаа юм.

Манай яам энэхүү хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон хэрэгжүүлэх бөгөөд үе шат бүрийн зорилгыг хүүхэд өсвөр үеийнхний хэрэгцээ шаардлагад тулгуурлан тодорхойлж байна.

Түүнчлэн энэхүү зорилгыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дараах багц үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

1.      Сургуулийн өмнөх болон сургуулийн насны хүүхдэд, оюутнуудыг ном унших сонирхолтой болгох, уншсан номынхоо агуулгыг баяжуулан бүтээлчээр сэтгэх, ярих, өөрсдөө туурвин бүтээх чадвар эзэмшүүлэх;

2.      Эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдэд хүүхэд, залуучуудыг номтой нөхөрлүүлэх энгийн болон тусгай арга эзэмшүүлэх;

3.      Хүүхдэд залуучуудыг номд дуртай болгох, номыг бүтээлчээр унших чадвар эзэмшүүлэх чиглэлээр гэр бүл, зохиолчид, төрийн болон төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хамтын ажиллагааны үр ашигтай хэлбэрийг тодорхойлж, үйл ажиллагааг уламжлал болгох.

4.      Цэцэрлэг, ерөнхий боловсролын болон их, дээд сургуулийн номын санд байвал зохих номыг нийлүүлэх.

Бид “Ном” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүүхэд, залуучуудад ном унших, номыг эрхэмлэх үзэл санаа  төлөвшиж, эцэг, эхчүүд хүүхдийг номтой нөхөрлүүлэх хэрэгцээг ухамсарлахын зэрэгцээ ном уншуулах, номын тусламжтайгаар бүтээлчээр сэтгэх, ярихад хүүхдээ сургах энгийн арга барилуудыг эзэмшинэ гэж үзэж байна.

Үүний зэрэгцээ цэцэрлэг ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд номын тусламжтайгаар сурах арга барил эзэмшүүлэх, бүтээлч, шүүмжлэлт сэтгэлээ төлөвшүүлэх замаар сурлагын амжилтыг ахиулах арга зүйн чадварыг багш нар эзэмшсэн байх нь тус хөтөлбөрөөс хүлээж байгаа гол үр дүн болох юм.

Ишлэл татсан ном, зохиол:

1.      Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 2.7

2.      Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3 дугаар бүлэг

3.      Монгол Улсын Статисикийн Үндэсний Хорооны мэдээлэл 2012он

4.      Монгол Улсын Хууль зүй, Дотоод хэргийн яам, Дэлхийн Зөн Олон Улсын байгууллагын хамтарсансудалгааны тайлан 2010 он